Лондон: Европын олонх гайхамшигтай хотуудын адил, хотын дундуур урсах Тамес (Thames) гол, түүнийг дагаад баригдсан хаадын орд, эртний сурвалжит нарт зориулан анх байгуулсан цэцэрлэгт хүрээлэн, голоор аялах завь, усан онгоцнууд, эрэг дагуу зугаалах зүлэгт ногоон дэвсгэр, цэцэгсийн хүлэмж, морь хөлөглөн зугаацах талбай, амралт цэнгээний төв, амарч тухлах хоолны газрууд гээд Кэу, Ричмонд, Лондонгийн нүд, South банк зэрэг үзээд барахгүй амьд үзмэр, музей болсон хот юм.
Энэхүү дэлхийн олон сая жуулчдыг татдаг, түүхт хот Лондон нь Их Британийн нийслэл юм. Лондонгийн Удирдлагын тухай хууль 1999 онд батлагдаж, Лондонгийн Захирагч болон Чуулганы эрх зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоосон бөгөөд 2000 оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр болсон байна. Лондон хот түүхэндээ 1191 оноос Лорд Мэртэй байжээ. Одоогийн Лондонгийн Захирагчийн үүрэг бол нийслэлийг хэтийн чиглэл хандлагатай хөгжүүлэх явдал юм. Цагдаа, гал түймэр, болон түргэн тусламжийн алба, төлөвлөлт, тогтвортой хөгжил болон байгаль орчныг хамгаалах, соёл, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон тулгамдсан асуудлуудыг зохицуулах үүргийг Захирагч хүлээдэг.
Их Лондонгийн Зөвлөл нь анх 1986 онд бий болсон бөгөөд эрх зүйн шинэ зохицуулалтын дагуу Чуулган болж өөрчлөгдөн, Лондонгийн Захирагчийн сонгуультай нэг өдөр зэрэг явагдах сонгуулиар тус Лондонгийн Чуулганы 25 гишүүн сонгогддог байна.
Лондон бол хөгжингүй орнууд дахь хамгийн их барилгажсан, Европын Холбооны хамгийн шигүү суурьшилтай, хамгийн том хотуудын нэг юм. Лондон 7 сая байнгын оршин суугчидтай. Энэ нь Британийн хүн амын 12% боловч хүн амын өсөлтийн 70%-ийг Лондон хангаж байдаг онцлогтой аж. Учир нь Лондон Британийн хүн амын дундаж наслалттай харьцуулахад харьцангуй залуучууд ихтэй хот юм.
No comments:
Post a Comment