Monday, October 31, 2011

мэдээлэл-2

Нутагтаа дурласан сэтгэл
2011 оны 06-р сарын 01, Нийтэлсэн Н.Амарсанаа
Энэ сард блогтоо дандаа хуучин шүлгүүдээ тавинаа. Анх ингэж л бичдэг байлаа.
Уул үүл нь залгагдсан хөх тэнгэртээ би дурладаг
Урсах голын дэнж болсон эх газартаа би дурладаг
Уудам Монгол орныхоо амьд байгальд нь би дурладаг
Угалзан хээтэй үүлсийн доорх Хөх Монголдоо би дурладаг
Хайлан сэмжирсэн цастай хаврын улиралд нь би дурладаг
Халиуран найгадаг борог өвс цасан доороос цухуйдагт нь
Хөндий талын дундаас тарвага нойрноосоо сэрдэгт нь
Хүний сэтгэлийг баясгаж усны шувууд ирдэгт нь
Хайлан сэмжирсэн цастай хаврын улиралд нь би дурладаг
Зүсэр бороо шивэрсэн зуны намуунд нь би дурладаг
Зүйл бүрийн ургамал цэцэгс бүхний үзэмжинд нь
Зүрх алдам янцгаах хурдан хүлгийн уяанд нь
Зэгст нууранд хөвөх хос хунгийн ганганаанд нь
Зүсэр бороо шивэрсэн зуны намуунд нь би дурладаг
Нарны элч саарсан намрын сэрүүнд нь би дурладаг
Нартын жам ёсоор байгаль дэлхий шарладагт нь
Намираа хур татарч усны шувууд буцдагт нь
Навчисаа модод гөвж газарт хяруу унадагт нь
Нарны элч саарсан намрын сэрүүнд нь би дурладаг
Цагаан дээлтэй өвлийнхөө гэгээлэг төрхөнд нь би дурладаг
Цасан малгай өмссөн өндөр уулын оргилд нь
Цэнхэр тэнгэрийн доорх чонон сүргийн бэлчирт нь
Цэг тавьсан цаас шиг тал нутгийнхаа цасанд нь
Цагаан дээлтэй өвлийнхөө гэгээлэг төрхөнд нь би дурладаг
Баян тансаг байгалынхаа юмс бүрт нь би дурладаг
Бүрхэг байсан ч тэнгэрийнхээ бүүдгэр өнгөнд нь би дурладаг
Уудам Монгол орныхоо амьд байгальд нь би дурладаг
Унаган сэтгэлийг минь шингээсэн эх нутагтаа би дурладаг
Баянхонгор аймаг 2003 он

Share
Share

No comments:

Post a Comment